Tuesday, April 17, 2018

“МОНОС” ЭМИЙН ҮЙЛДВЭР МОНГОЛЫН ШИЛДЭГ ҮЙЛДВЭР, ЛОЖИСТИКИЙН БАРИЛГА БОЛОВ




Монголын шилдэг үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламжуудыг олон нийтэд таниулах, чанар чансааг ангилах зорилготой “Mongolian Property Awards 2015” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр "Туушин" зочид буудлын “Best Western premier”-т боллоо. Энэ жил анх удаа зохион байгуулагдаж буй тус арга хэмжээ нь 2010-2015 оны хооронд баригдсан Монголын шилдэг барилга байгууламжуудын шилдгүүдийг тодруулсан юм. Үүнд Монголын шилдэг эрүүл мэндийн цогцолбор, үйлдвэр ложистикийн барилга, эко барилга, оффис бизнесийн барилга, сэргээн зассан барилга, орон сууцны барилга, худалдааны төв тэргүүтэй нийт 16 ангилалд шилдгүүдийг шалгаруулжээ.
Нээлтийн үеэр Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ энэхүү үйл ажиллагааг зохион байгуулагч “Forbes Mongolia” сэтгүүл, “MGL International”, “Bloomberg TV”-ийн хамт олонд талархсанаа илэрхийлээд барилгын салбарын нийт ажиллагсдад хүндэтгэл үзүүлсэн юм.
Гадаад болон дотоодын мэргэжилтнүүд тус наадамд өрсөлдсөн барилга байгууламжуудыг байгаль орчин, дэд бүтэц, зам тээврийн хүртээмж, өвөрмөц үзэл санаа, архитектур техникийн шийдэл, шинэлэг үйлчилгээ гэх таван үндсэн шалгуураар дүгнэсэн байна.
“Шилдэг үйлдвэр, ложистикийн барилга 2010-2015” ангилалд "Монос Фарм" ХХК-ийн олон улсын "GMP" стандартад нийцсэн эмийн үйлдвэрийн цогцолбор шалгарчээ.
Тус үйлдвэр нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “GMP” стандартаар үйлдвэрлэл явуулж буй Монголын анхны эмийн үйлдвэр юм. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын эм үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлж байгаа бөгөөд цаашлаад монгол брэндийн эм, эмийн бүтээгдэхүүн дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдөх боломжтой.
Энэ цогцолбор төсөлд Монгол төдийгүй Англи, Франц, Голландын мэргэжилтнүүд  хамтран ажиллаж, гүйцэтгэгч байгууллагаар Австрийн компани ажилласан байна. “Монос” эмийн үйлдвэр Монголын эм үйлдвэрлэлийн салбарын жишиг үйлдвэр болсныг ёслолын үеэр тэмдэглэж байсан юм.
“Монос” эмийн үйлдвэр дундаж хурдаар ажиллахад жилд 352 сая шахмал эм үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь Монгол Улсын иргэн бүрийг жилд 100 ширхэг эм, эмийн бүтээгдэхүүнээр хангах бололцоотой гэсэн үг.
ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ шагнал гардуулах ёслолын үеэр "Монос Эмийн Үйлдвэр шилдэг шагнал авсанд баярлаж байна. Бид зөв байгууллагатай хамтран ажиллаж тэд нар маань ийм сайхан бүтээн байгуулалт хийжээ. Цаашдын ажилд нь амжилт хүсье" гэсэн юм.
“Монголын энэ олон томоохон үйлдвэр, барилга байгууламж дундаас манай “Монос” эмийн үйлдвэр шалгарсанд маш их баяртай байгаагаа илэрхийлье. Мөн энэ хүндтэй шагналыг тохилдлоор бидний дотны түнш ХХБ-ны Мэдрээ захирал бидэнд гардуулсан өгсөнд маш их бэлэгшээж байна” хэмээн “Монос Фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл ярилаа.

No comments:

Post a Comment